Tuesday, December 24, 2013

Зул сарын баярын хонхны дуун

Эрт урьдын цагт нэгэн хот өндөр оройтой нэгэн сүмтэй байжээ. Сүмийн оройд байх гоёмсог хонх ганцхан зул сарын баярын орой л дуугардаг гэлцдэг байв. Гэхдээ хэн ч тэр хонхы дууг сонсож байгаагүй юмсанж. Бурханд гайхамшигтай зүйлээр л бэлэг барьвал тэрхүү хонх дуугардаг гэж хүмүүс ярьдаг байжээ.
Тэр хотоос холгүй нэгэн жижигхэн тосгонд Педро гэдэг хүү, дүүгийнхээ хамт амьдран суудаг байв.
Нэгэн өдөр "Ахаа, зул сарын баярын өдөр сүмд очиж хонхны дууг сонсвол сайхнаа" гэж дүү нь ахдаа хэлэв. Хариуд нь ах нь "За тэгвэл би чамайг дагуулаад явъя л даа" гэж дүүдээ амлажээ.
Хүсэн хүлээсэн зул сарын баярын өдөр ирлээ. Педро дүүгээ хөтлөн хот руу явав. Хотын хаалганд дөхөж иртэл нэгэн эмэгтэй газар харуулдан унасан байжээ. Түүнийг дуудсан боловч хариу өгсөнгүй. "Энэ янзаараа байвал хөлдөж үхэх нь дээ" гэж Педро бодлоо.
Педро хармаанаасаа мөнгөн зоосоо гаргаж дүүдээ өгөв.
- Энэ мөнгөн зоос бол бурханд өгөх бэлэг юм шүү. Ах нь энэ хүнд туслах хэрэгтэй учраас миний дүү цаашаа ганцаараа яваарай.
Дүү нь ахынхаа үгэнд орж сүм рүү ганцаараа явахаар болжээ.
Тэр орой сүмд маш олон хүмүүс цугласан байв. “Энэ жил зааавал хонхны дууг сонсоно” гэсэн хүмүүс үнэтэй бэлэг сэлтээ бурханд өргөл болгон барьж байлаа. Хамгийн сүүлд хаан ирж хамгаас үнэтэй титмээ хүртэл өргөж байв. Гэвч хонх дуугараагүй юмсанж.
- Энэ хонх ч дуугарахгүй нь дээ.
Хүмүүс горьдлог тасран гэртээ харьцгааж эхлэв. Гэтэл “дон-дон-дон” гэсэн хонхны гайхалтай дуун гэнэт гарчээ.
- Хүүе! Дуугарчихлаа шүү дээ!
Хүмүүс хэн ямар гайхалтай өргөл өгч хонх дуугарсан юм бол гэж бодон бүгд эргэн хартал Педрогийн дүү нь зогсож байв.
- Би ахаасаа авсан мөнгөн зоосоо л бурханд өгсөнөөс өөр яагаа ч үгүй шүү дээ гэж дүү гайхан хэлжээ.
Дүү хонх өөд харангаа хөөрхий эмэгтэй аврагдсан болов уу гэж бодон зогсов.
-------------------------------------------------------------------
Энэ үлгэрийг 考える力を育てるお話366 хэмээх Япон хэл дээрх номноос уншиж, хөрвүүллээ.

No comments:

Post a Comment