Сар яагаад дэлхий дээр уначихгүй тогтоод байдаг юм бэ? Сар ба дэлхийн хооронд бидний нүдэнд үл харагдах таталцлын хүч үйлчилж байдаг. Ийм таталцлын хүч байдгийг анх физикч Ньютон нээжээ.
Ньютон 1642 оны Зул сарын баярын орой Английн Вүүлсторп хэмээх тосгонд төржээ. Ньютоны аав нь түүнийг төрөхөөс өмнө нас барсан байв. Ээж нь өөр хүнтэй гэрлэн түүнийг эмээд нь үлдээж, Ньютон эмээтэйгээ өсчээ. Ньютон ээжийг нь өөрөөс нь салган авч одсон хүнд маш ихээр гомддог байв. Энэ сэтгэлийн шаналал нь тэрээр найз нөхөд байхгүй, хүмүүстэй харьцдаггүй байсны шалтгаан байсан байж болох юм.
Түүний дуртай зүйлс нь нарны цаг хийх, ургамал болон оддыг ажиглах явдал байлаа. Ньютон ойлгохгүй зүйл тохиолдвол учрыг нь олтол шаргуу үзэж судалдаг нэгэн байжээ. Их сургуульд ороод призм гэдэг багажыг ашиглан гэрлийн ойлтын туршилт хийж, математик болон геометрийн судалгааг шамдан хийжээ.
Ньютон 22 настай байсан зуны нэгэн явдал. Тэрээр хэдэн жилийн дараа Вүүлстроп тосгондоо эргэн иржээ. Ньютон өөрийн зуршлаар цэцэрлэгт байсан алимны модны дор бодлогшрон суув. Гэтэл тэр модноос нэг ширхэг алим газар уначихжээ. Түүнийг харсан Ньютонд нэгэн санаа төрөв.
- Алим яагаад доош унасан бэ, дэлхий доош нь татаж байгаа болохоор юм биш үү?
“Ертөнцийн юмс хоорондоо таталцдаг юм байна. Тэр таталцах хүч нь юмсын жингээс хамаарна”. Энэ санаа нь таталцлын хууль хэмээх түүний агуу нээлтийн үндэс байлаа. Ньютон 3 жилийн дараа толь ашиглаж гэрлийн ойлтоор ажилладаг дуран авай бүтээв. Тэрээр маш их алдаршив. Дараа нь их сургуулийн багш болж, олон судалгааны бүтээл бичсэн боловч төдийлэн амжилтад хүрээгүйд сэтгэл дундуур явдаг байжээ. Гэхдээ Ньютоны содон санаанууд нь гайхамшигтай нээлтүүд болж, ялангуяа физикийн шинжлэх ухаанд асар их нөлөө үзүүлсэн юм.
Ньютон хүнтэй сууж, үр хүүхэд үлдээлгүй 84 насандаа өөд болжээ. Тэрээр бүхий л амьдралаа шинжлэх ухаан, судалгаанд зориулсан ажээ.
--------------------------------------------------------------------------------
Ньютоны нээлт
No comments:
Post a Comment