Friday, December 20, 2013

Муур хулганыг хөөдгийн учир /Япон ардын үлгэр/

Эрт урьдын цагт бурхан амьтдад ийн өгүүлжээ.
- Та нар шинэ оны эхний өдөр миний өргөөнд ирж мэндлэхтүн. Би хамгийн эрт ирсэн амьтдын нэрээр 12 жилийг нэрлэнэ. Түрүүлж ирсэн 12 амьтдаар л нэрлэх болно гэдгийг бүү мартаарай.
Энэ үгийг сонссон амьтад шинэ он гарч, бурханы өргөөнд уралдан очихыг догдлон хүлээцгээв. Муур бас догдлон хүлээж байсан ч уралдаан хэзээ болохыг мартаж орхижээ. Тэгээд дотны найз хулганаас лавлаж гэнэ.
- Тэр чинь шинэ он гараад хоёр дахь нь өдөр шүү дээ хэмээн хулгана хариулав. Өөртэй нь өрсөлдөх амьтад цөөрч л байвал сайн хэрэг хэмээн муу санаалж, хулгана мууранд уралдаан хэзээ болохыг нэг өдрөөр хоцроогоод хэлсэн юмсанж.
Шинэ он гарахын өмнөх шөнө амьтад унтаж байлаа. Харин үхэр чимээгүйхэн алхаж эхлэв.
- Би удаан явдаг болохоор эртхэн гаръя гэж үхэр бодсон ажээ.
Үүнийг харсан хулгана үхрийн нуруун дээр үсрээд гарчихав. Үхэр хулганыг анзааралгүй цааш алхсаар байжээ. Шинэ оны эхний өдөр бурханы өргөөнд анхлан ирлээ хэмээн үхэр ихэд баярлаж, өргөөний хаалга онгойхыг хүлээн зогсов. Гэтэл өргөөний хаалга дөнгөж онгоймогц нөгөөх хулгана үхрийн нуруун дээрээс год үсрээд хаалгаар түрүүлээд орчихжээ.
- Бурхан танд шинэ оны мэнд хүргэе! гэж хулгана анхлан хэлж амжив.
Ийнхүү хулгана нэгт, үхэрт хоёрт орсон юмсанж. Тэдний араас бусад амьтад цувран ирсээр хамгийн сүүлд гахай ирсэнээр өргөөний хаалга хаагдав. Ийнхүү хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, гахайн нэрээр 12 жилийг нэрлэхээр тогтжээ.
Дараагийн өдөр нь муур бурханы өргөөний өмнө иртэл, өргөөний харуул түүнийг шоолон инээж ийн өгүүлэв.
- Уралдаан өчигдөр болчихсон шүү дээ. Нойрмоглож явалгүй нүүрээ сайн угааж бай!
Ийнхүү муур өдөр бүр нүүрээ угаах болж, хулганыг харахаараа уурлан хөөдөг болсон нь ийм учиртай ажээ.
-------------------------------------------------------------------------------
Мэдэхэд илүүдэхгүй: "Тэмээ яагаад 12 жилд ороогүй вэ" гэдэг Монгол ардын үлгэр бий. Хулгана тэмээ хоёр 12 жилд хэн нь орох вэ гэж удтал маргалджээ. Ингээд ургахын улаан нарыг аль урьтаж үзсэн нь 12 жилд орохоор тохиролцов. Тэмээ өндөр уулын орой дээр гараад наран гарах зүгийг харан хэвтэж гэнэ. Гэтэл хулгана тэмээний бөхөн дээр гараад суучихсаныг тэмээ мэдээгүй аж. Ингээд ургахын улаан нарыг хулгана эхлээд үзэж 12 жилд орохоор болсон түүхтэй ажээ. Тэмээ хэдий орж чадаагүй ч түүнд 12 жилийн бүх шинж бүрдсэн байдаг гэнэ.



-------------------------------------------------------------------------------
Энэ үлгэрийг 考える力を育てるお話366 хэмээх Япон хэл дээрх номноос уншиж, хөрвүүллээ.

No comments:

Post a Comment