Wednesday, January 1, 2014

Галилео Галилэй (1564-1642)

Нар, сар зүүнээс мандаж баруун зүгт шингэнэ. Эртний хүмүүс од эрхэс дэлхийг тойрч эргэлддэг гэж боддог байжээ. Христийн шашинд бас од эрхэс дэлхийг тойрон эргэдэг гэж тайлбарладаг байв.

16-р зуунд Италийн Пиза хотноо төрсөн Галилэй энэ тайлбарт эргэлзэх болжээ. Од эрхэсийг дурангаар ажиглахад дэлхий өөрөө хөдөлж байгааг тэрээр ажиглажээ. Галилэй Пизагийн Их сургуульд сурч, дараа нь тэндээ ажиллах болжээ. Галилэй математик, физик, одон оронг судалж олон янзын ажиглалт, туршилт хийдэг байжээ. Жишээ нь хүнд ба хөнгөн зүйлийг зэрэг унагаахад аль нь түрүүлж газар унах вэ гэдгийг туршдаг байв. Бид хүнд юм нь түрүүлж унах болов уу гэж бодож болох юм. Галилэй Пизагийн өндөр цамхагаас өөр өөр жинтэй төмөр бөмбөлгүүдийг доош нь унагааж үздэг байв. Бас налуу газраас бөмбөлгүүдийг өнхрүүлж хурдыг нь шалгадаг байв. Түүний үр дүнд юмсын унах хурд нь хүнд хөнгөнөөс нь хамаарахгүй гэж тогтоожээ.

Галилэй сүмийн таазнаас дүүжилсэн асар том лаан дэн хөдлөхийг хараад дүүжингийн савлах хугацаа нь дүүжингийн уртаасаа хамаарч ижил байдгийг ажиглажээ. Өөрөө хэлбэл дүүжингийн гинж урт байвал нэг талаас нөгөө тал хүртэл савлах хугацаа их байдаг. Тэрээр үүнийгээ маш олон удаа туршилт хийж баталжээ. Түүний энэ нээлт дүүжин цаг хийх үндэс болсон. Галилэй өөрөө хожим дүүжин цаг хийж байжээ. Галилэй мөн дүүжингийн хөдөлгөөнөөр судасны лугшилт хэмжигч бүтээж байв.

Галилэй олон жил маш их ажиглалт хийж дэлхий нарыг тойрон эргэдэг гэдэг үзлийг баталжээ. Гэвч энэ судалгаа нь тэр үеийн Христийн шашны үзлээс зөрсөн учраас шүүхэд дуудагдаж цаазаар авахуулах хүртлээ аюулд оржээ. Гэсэн хэдий ч Галилэй 1632 онд Харилцан яриа гэдэг номондоо өөрийн нээлтийг бичсэн юм. 1633 онд Ромын шүүх түүнийг шүүж амьдаараа галд шатаалгах эсвэл тэрс үзлээсээ няцах гэдэг сонголт тулгажээ. Галилэй “Хэрэв би үхчихвэл судалгаагаа хийж чадахгүй болчихно” гэж бодоод өөрийн хийсэн нээлт нь буруу байсан гэж шүүхийн өмнө хэлжээ. Эрдэмтэн хүний хувьд энэ ямар хэцүү агшин байсан бол доо. Гэсэн хэдий ч Галилэй дэлхий нарыг тойрдог гэдэгтээ дотроо бат итгэж байсан гэдэг.

Галилэй 77 настайдаа Флоренц хотод нас баржээ. Түүний үзэл санаа одоо ч гэсэн амьд хэвээрээ. Галилэйг "Орчин үеийн шинжлэх ухааны эцэг" гэдэг.

------------------------------------------------------------------------
小林成彦「考える力を育てるお話366」 東京2012
Адам Харт-Дэвис "Шинжлэх ухаан: Ертөнцийг харах хөтөч" Нэпко 2013 ном

No comments:

Post a Comment