Thursday, January 2, 2014

Нэхмэлийн машин бүтээсэн түүх ба Тоёота

Тоёода Сакичи 1867 онд одоогийн Японы Шизүока мужид төржээ. Сакичийнх тарчигхан амьдралтай айл байв. Сакичийн аав нь барилгын ажил хөлсөөр хийж, ээж нь гэртээ даавуу нэхэж зардаг байлаа. Ээжийнх нь нэхмэлийн машин нь хүнд, гар ажиллагаатай, маш их дуу чимээтэй байжээ. Тэдний гэрт өдөр бүр шөнө дөл хүртэл нэхмэлийн машины дуу тасардаггүй байв.

Нэгэн өдөр Сакичи ээжээсээ ийн асуув.
- Та нэг өдөрт хэр их даавуу нэхдэг юм бэ?
- Би өдөрт 30 сантиметр нэхэж чаддаг гэж ээж нь хариулав.
- Тийм бага гэж үү хэмээн Сакичи маш их гайхаж “илүү хялбараар хурдан нэхдэг машин бүтээх юмсан” гэж боджээ.

Сакичи ээжийнхээ ажлыг хялбар болгохыг маш их хүсч байв. Сакичи багаасаа элдэв шинэ зүйлийг бүтээх, туршин үзэх дуртай нэгэн байжээ. Гэтэл аав нь Сакичиг барилгачин болгохыг хүсдэг байлаа. Сакичи аавынхаа барилгын ажилд туслангаа яаж сайн нэхмэлийн машин бүтээх тухай судалдаг байв. Тэрээр шинэ нэхмэлийн машин бие даан бүтээж янз бүрээр туршин үздэг байлаа. Шөнөжин унталгүй өрөөндөө бодол болон суугаа хүүгээ хараад аав нь санаа зовж, дэмий зүйл оролдлоо хэмээн дургуйцдэг байжээ. Гэхдээ ээж нь үргэлж түүнийг магтаж урам хайрладаг байв.

Сакичи тасралтгүй оролдсоор 1890 онд шинэ нэхмэлийн машин бүтээжээ.
- Ээжээ би үүнийг хийчихлээ, та хэрэглээд үз дээ.
Сакичи өөрийн хийсэн нэхмэлийн машинаа хамгаас түрүүнд ээждээ үзүүлэхийг хүсчээ.
- Сакичи, энэ машин мундаг юмаа, маш их даавуу хийж чадаж байна шүү дээ гэж ээж нь ихэд баярлав.
- Энэ юу ч бишээ, би өөрөө хөдөлдөг нэхмэлийн машин хиймээр байна гэж Сакичи хэлэв.

Түүнээс хойш Сакичи шинэ нэхмэлийн машин хийхээр ажиллаж эхлэв. 6 жилийн дараа Японд анх удаа мод, төмрөөр хийсэн, тосоор ажилладаг нэхмэлийн машин бүтээв. Дараа нь олон жилийн туршид машинаа улам сайжруулж чаджээ. Ийнхүү бүхэлдээ автоматаар ажилладаг нэхмэлийн машин бүтээсэн юм.

1924 онд Сакичи 57 настай байв. Түүний бүтээсэн нэхмэлийн машин дэлхий дахинд шагшигдан түгжээ. Түүний нэхмэлийн машиныг олноор нь үйлдвэрлэж маш сайн даавуу үйлдвэрлэх болов. Ийнхүү Японд үйлдвэрлэсэн даавуу олон улсад ихээр зарагдаж ядуу зүдүү байсан Япон улс хөгжихэд тус болжээ.

Сакичи нэхмэлийн машин бүтээж олсон өв хөрөнгөө хүүдээ өвлүүлжээ. Хүү нь түүний хөрөнгийг бидний сайн мэдэх Тоёота машиныг бүтээхэд зарцуулсан түүхтэй.

-----------------------------------------------------------------------
小林成彦「考える力を育てるお話366」 東京2012

No comments:

Post a Comment