Monday, December 29, 2014

Арслан хулгана хоёр /Исопын үлгэр/

Нэгэн өдөр арслан ойд унтаж байв. Гэтэл нэгэн хулгана гүйж яваад түүнийг санаандгүй мөргөчихжээ. Арслан сэрэнгүүтээ хулганыг бариад авчээ. "Унтаж байхад минь намайг сэрээсэн чамайг би одоо иднэ дээ" гэж арслан архирав. Хулгана маш их айв. "Арслан гуай намайг өршөөж хайрла, намайг одоо тавьж явуулбал танд би дараа нь заавал туслана" гэж хулгана гуйв. Түүнийг сонссон арслан шоолон хөхөрч, "чам шиг ийм жижигхэн амьтан надад яаж туслаж чадах вэ дээ" гэв. Гэхдээ "чамайг идсэн ч гэсэн би ямар цадах биш, чамайг би явуулъя даа" гэж арслан хэлээд хулгаыг тавьж явуулжээ.

Түүнээс хойш хэдэн өдрийн дараа арслан анчины тавьсан торонд орчихжээ. Арслан яаж ч хичээгээд гарч чадахгүй байв. Гэтэл нөгөөх хулгана түүн дээр хүрч иржээ. "Би танд туслахаар ирлээ" гэж хулгана хэлэв. Хулгана олсыг мэрсээр тасдаж орхив. Тэгээд арсланг торноос гаргажээ.

"Бие маань жижигхэн ч гэсэн би танд туслаж чадлаа" гэж хулгана хэлэв. "Их баярлалаа" гэж арслан намуухан хоолойгоор талархжээ.

Дан ганц биеийн том, хүч тамир бүхнийг тодорхойлдоггүй.

No comments:

Post a Comment