Нэгэн өдөр арслан ойд унтаж байв. Гэтэл нэгэн хулгана гүйж яваад түүнийг санаандгүй мөргөчихжээ. Арслан сэрэнгүүтээ хулганыг бариад авчээ. "Унтаж байхад минь намайг сэрээсэн чамайг би одоо иднэ дээ" гэж арслан архирав. Хулгана маш их айв. "Арслан гуай намайг өршөөж хайрла, намайг одоо тавьж явуулбал танд би дараа нь заавал туслана" гэж хулгана гуйв. Түүнийг сонссон арслан шоолон хөхөрч, "чам шиг ийм жижигхэн амьтан надад яаж туслаж чадах вэ дээ" гэв. Гэхдээ "чамайг идсэн ч гэсэн би ямар цадах биш, чамайг би явуулъя даа" гэж арслан хэлээд хулгаыг тавьж явуулжээ.
Түүнээс хойш хэдэн өдрийн дараа арслан анчины тавьсан торонд орчихжээ. Арслан яаж ч хичээгээд гарч чадахгүй байв. Гэтэл нөгөөх хулгана түүн дээр хүрч иржээ. "Би танд туслахаар ирлээ" гэж хулгана хэлэв. Хулгана олсыг мэрсээр тасдаж орхив. Тэгээд арсланг торноос гаргажээ.
"Бие маань жижигхэн ч гэсэн би танд туслаж чадлаа" гэж хулгана хэлэв. "Их баярлалаа" гэж арслан намуухан хоолойгоор талархжээ.
Дан ганц биеийн том, хүч тамир бүхнийг тодорхойлдоггүй.
Monday, December 29, 2014
Гурван хүсэл
Эрт урьдын цагт нэгэн хотын захд эхнэр нөхөр хоёр амьдардаг байв. Тэр хоёр хоолны газар ажиллуулдаг байжээ. Тансаг биш ч гэсэн хангалуун амьдралтай байв. Нэг өдөр тэдний хоолны газрын урдуур алтан сүйх хөлөглөсөн баян хос явж өнгөрчээ. Тэднийг харсан эхнэр нь би нэг удаа ч ийм сайхан хувцас өмсч үзэх юмсан гэжээ. Маргааш нь тэр хоёрт одоогийн амьдрал нь онцгүй санагдах болов. Эхнэр нь одоо шидтэн гарч ирээд хүслийг маань биелүүлдэг ч болоосой хэмээн санаа алдав. Гэтэл нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй тэдний өмнө гэнэт гарч иржээ. Тэр эмэгтэй "Би та хоёрын яриаг бүгдийг сонслоо. Гурван хүслийг биелүүлж өгье. Гуравхан хүсэл учраас сайн бодоод хэлээрэй" гэв. Эхнэр нөхөр хоёр хүслээ бодсоор нэг мэдэхэд шөнө болсон байлаа. Тэгээд эхнэр нь гал түлж суухдаа, энэ гал дээр амттай сайхан зайдас шарж идэх юмсан гэж хэлчихжээ. Тэр даруйд тэнгэрээс хүссэн зайдас нь унаж ирэв. Нөхөр нь маш их уурлав. "Гуравхан хүсэл хэлэх байтал чи зайдас хүсээд байхдаа яахав дээ. Наад зайдас чинь хамарт чинь наалдаасай" гэж хашгирав. Тэр даруйд зайдас эхнэрийнх хамарт наалдчихжээ. Яаж ч татаад зайдас хамраас нь салахгүй байв. "Чамаас болж хоёр дахь хүслээ хэлчихлээ" гэж нөхөр нь уурлав. "Одоо би гурав дахь хүслийг хэлнэ" гэв. Нөхөр нь "би баян болмоор" гээд хэлэх гэтэл эхнэр нь "энэ зайдсыг хамраас минь салгаад аль" гээд хашгирчихжээ. Тэр даруйд зайдас хамраас нь салж унав. Үүнийг харсан эхнэр нөхөр хоёрын сэтгэл тайвширав. Тэр хоёр энэ цагаас одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун явцгаая даа хэмээн боджээ.
Чухал шийдвэр гаргахдаа сайтар тунгаан бодож, ярилцаж байгаарай.
Чухал шийдвэр гаргахдаа сайтар тунгаан бодож, ярилцаж байгаарай.
Subscribe to:
Posts (Atom)